Posts

Монгол Улсын хэмжээнд 2019 оны эхний зургаан сард нийт 2,968 удаа гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгджээ. Үүний улмаас 112 хүн амь насаа алдаж, 38 хүн гэмтэж бэртэн 24,763 толгой мал, амьтан хорогдож, 6.4 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна. Орон нутгийн иргэд нийт 19,761 хүн, 3,765 автомашин ажиллаж, 842 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 35.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж,  гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас нийт нэг тэрбум төгрөг зарцуулжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл,  ослоос аварсан эд хөрөнгө 9.3 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Мөн Онцгой байдлын байгууллага энэ оны эхний зургаан сарын байдлаар техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 61 хүний амь насыг аварч, цогцос гаргах 15 удаагийн дуудлагад нийт 297 хүн ажиллаж 18 цогцсыг ослын голомтоос гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн аж.